Хүүгээ ахлах ангид орохтой зэрэг аав, ээж нь сурлагыг нь сайжруулах зорилгоор хот хүрээ бараадуулав. Улмаар хотын төвийн, лаборатори ахлах сургуулийг сонгон элсүүлжээ. Гэвч хүүгийн сурлага эцэг, эхийн санасан шиг сайжирч, идэвх нь нэмэгдсэнгүй. Харин ч сахил хүртээд шал дордов гэдэгчлэн хичээл хийхээ больж, “Даалгавар өгөөгүй, хийх хичээл алга” гэх үгсээр ам тагладаг болов. Орчин солигдож, олон хүний дунд орсон нь ийн нөлөөлсөн гэж бодсон ч үнэн хэрэгтээ тийм байсангүй. Хүүгийн хэлсэнчлэн үнэхээр хийх хичээл байтугай хичээл заах багш ч байхгүйн улмаас сурлагын чанар нь суларсан байж таарав. Багш байхгүй гэж хэлсний учрыг нэхэж тайлбарлая. Хоёр жилийн турш цахимаар хичээллэсэн сургууль танхимын сургалт эхлэхтэй зэрэг багшийн хомсдолд оржээ. Багш нарын олонх нь ажлаасаа гарч, цөөнгүй нь жирэмсний амралтаа авсан талаар сургуулийн удирдлага эцэг, эхчүүдэд учирласан байна. Хичээлийн шинэ жил эхэлмэгц багшийн эрэлд гарсан ч ажилд орох хүсэлтэй, шалгуурт тэнцэх хүн өнөө хэр нь олдохгүй байгаа аж. Арга мухардсандаа сургуулийн захиргаа багш бэлтгэдэг их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад ажлын санал тавьж, багшлуулж эхэлсэн байна. Гэвч мэргэжлийн дипломоо ч гардаагүй оюутнаар математик, англи хэл зэрэг ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг заалгаж байгаа нь хүүхдийн сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлж байгааг эцэг, эхчүүд эсэргүүцэж эхлэв.

Энэ бол нэг өрх, нэг сургууль, нэг хүүхдэд тулгарч буй бэрхшээл бус нийтлэг үзэгдэл юм. Бид өнгөрсөн хугацаанд багшийн чадвар, чадамж, ур дүйг шүүж ирсэн бол одоо туршлага, мэдлэгээ дэнслүүлэх нь байтугай чиглүүлж, сургах ч сурган хүмүүжүүлэгч олдохоо болив. Түүнчлэн хувийн компани, аж ахуйн нэгжүүд л хүний нөөцийн дутагдал орж байгаа талаар хөндөж ирсэн бол сүүлийн жилүүдэд төрийн байгууллага ажиллах хүчгүй болоход хүрлээ. Ялангуяа, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллах сонирхолтой хүн жил ирэх дусам цөөрөх хандлагатай байгаа нь хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй шинэ “гачлан” юм. Цөөн хүн амтай манай улсад хөдөлмөрийн зах зээл ийн хүрээгээ хумих нь олон эрсдэл дагуулна.

Орлого олдоггүй боловсрол

2021 оны байдлаар нийт ажиллагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 гаруй мянгаар буюу 9.9 хувиар буурчээ. Ингэхдээ боловсрол, засвар үйлчилгээ, тээвэр, агуулахын үйл ажиллагаа, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажилчдын тоо хамгийн их буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ийнхүү ажилчдын тоо цөөрснөөр ажилгүй иргэдийн тоо өсөв. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18.5 мянгаар буюу 23 хувиар нэмэгджээ. Хүйсийн хувьд, ажилгүй иргэдийн 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн мэдээллээс харахад, дээд боловсролын дипломтой ажилгүй хүмүүс жин дарж байна. Ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан хөдөлмөрийн зах зээлийн тойм судалгаанд дурдсан байна. Харин 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 0.7 хувь нь магистр болон түүнээс дээш боловсролын түвшинтэй байна.

Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний оролцоо буурах хандлагатай байна. 2012 онд ажил эрхлэх сонирхолтой хүний тоо 64 хувьтай байсан бол 2018 онд 60 хувь, 2020-2022 онд 57 орчим хувь болж буурсан. Хүмүүсийн эдийн засгийн идэвх ер нь буурч байна. Манай улсын хувьд хүн ам цөөн учир хөдөлмөрийн нөөц хангалттай биш. Тиймээс хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгаа нь учир дутагдалтай. Засгийн газрын тооцоо судалгаагүй бодлого шийдвэрүүд ажиллах хүчний оролцоо буурахад гол нөлөө үзүүлж байна. Тэр тусмаа халамжийн бодлого хавтгайрсан нь олон эрсдэл дагуулсан. Зорилтот бүлэгт бус нийтэд чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлж байгаад судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Үүний улмаас залуу үе бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа төдийгүй ажиллах хүчний оролцоо буурч байна.

Залуус залхуурав уу, залхав уу?

Монгол Улсад залуу ажиллах хүчний оролцоо тун доогуур түвшинд байгаа юм. Уг нь манай улсын нийт хүн амын 900 мянга гаруй нь 18-34 насныхан. Гэвч тэдний 50 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэхгүй байна. Залуучуудын эдийн засгийн идэвхгүй байдал, ажилгүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах зорилготой судалгааг хамгийн сүүлд 2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийж байжээ. Тус судалгаанд хамрагдсан залуучуудын 58 хувь нь мэргэжил эзэмшсэн байна. Судалгааны явцад ажилгүйдлийн шалтгааныг тодруулахад, цөөнгүй хувь нь хүүхэд төрүүлэх болон асрах шаардлагаар ажлаасаа гарсан байна. Мөн ар гэрийн шахалт, өөрийн хүсэлт зэрэг ч нөлөөлжээ. Түүнчлэн 30 орчим хувь нь хамт олны уур амьсгал, цалингийн асуудал зэргээс шалтгаалан ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна. Ийнхүү ажлаасаа гарсан залуучуудын дийлэнх нь ажилгүй байх хугацаандаа хэрэглээний зардлаа өрхийн гишүүдийн орлогоор хангадаг аж. Түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй залуучуудын дунд бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурах хандлага давамгайлж байгаа нь ажиглагдаж байсныг судалгааны багийнхан тайландаа онцолсон байна. Мөн ажил хийхгүй ч амьдрах боломж байгаа нь ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж буй юм. Манай улсад 240 мянга гаруй иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авдаг гэх статистик бий. Тэдний 110 мянга нь хөдөлмөрийн насны залуус байна.

Харин залуучууд ажил хийхгүй байгаа шалтгаанаа өөр өнцгөөс тайлбарлаж байв. Тэдний олонх нь хөдөлмөрийн нөхцөл хүнд, хөгжих боломж хомс, цалин бага, өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас ажил хийх сонирхолгүй байдаг тухайгаа хэлсэн юм. Түүнчлэн ажилгүй байгаа залуучуудын олонх нь мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхээр суралцдаг бөгөөд гадаад явах зорилгоор хэлний бэлтгэл хийж байгаа хүн ч цөөнгүй бий.

20-30 мянган ажлын байр эзэнгүй байна

Хөдөлмөрийн зах зээлд дунджаар 20-30 мянган ажлын байр эзэнгүй байна гэх судалгаа бий. Зөвхөн “Шуурхай зар” сонины нэг дугаарт гэхэд дунджаар 500-600 орчим зар хэвлэгддэг байна. Үүнд 1600 гаруй ажлын байр зарлагддаг аж. Нэг ажлын зар дээр хамгийн ихдээ 12, хамгийн багадаа 2-3 ажилтан сонгон шалгаруулах мэдээлэл багтдаг аж. Энэ талаар “Шуурхай зар” сонины эрхлэгч Т.Гантуяа мэдээлэл өглөө. Тэрээр “Өдөрт дунджаар 1600 гаруй ажлын байр зарлагддаг. Нэг ажлын байрны цалинг нэг сая төгрөгөөр тооцоолоход 1.6 тэрбум гаруй төгрөгийн цалинтай дүйцэхүйц зар мэдээлэл байршиж байна гэсэн үг. Хэрэв иргэд ажилд ороод, орлоготой болоод эхэлбэл зах зээлд 1.6 тэрбум төгрөг эргэлдэнэ гэж тооцоолж болохоор байгаа юм. Нэг зар дунджаар нэг сар гаруй хугацаанд байршдаг” гэлээ. Ажлын байр хангалттай байгаа ч дээр дурдсанчлан ажиллах хүн ховор байна.

Ажил хайж байгаа хүний тоо өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад буурсан. Ажлын байрны зар их ирж байгаа ч ажил хайж буй хүний тоо бага байна. Товчхондоо, ажил хайж байгаа иргэдийн идэвх нэлээд сул байгаа нь ажиглагдаж байна. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагын хувьд харьцангуй гайгүй. Ажил олгогч байгууллагууд мэргэжлийн ур чадварыг гол шалгуур болгоно. Мөн ажилд орох чин хүсэлтэй иргэдийг сургаж авах сонирхолтой байдаг. Гэвч ажилд орох сонирхолтой хүн ховордсон байна. Уг нь хөдөлмөрийн бирж байгууллагууд дээр ажлын байр, ажил хайгч хоёулаа байгаа ч хоорондоо зөрөөд байдаг.

Нийт хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг манай улсад ажил хийх хүн олдохгүй, ажлын байр эзгүйдэж байгаа нь халаглах багадах, хараах ихдэхээр асуудал юм. Хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо, учир байдал цэгцрэхгүй бол мөдхөн эмнэх эмч, сургах багш зэрэг мэргэжилтэн олдохгүйд хүрч нийгмийн суурь ганхаж мэднэ.