Хөгжлийн банкны хэрэг явдалтай холбоотойгоор олон нийтийн дунд сүрхий хөндөгдөн босч ирээд, одоо эргээд чимээ дарсан нэг сэдэв бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан Хөгжлийн банкны хэргүүдийг дахин шалгах хүсэлтийг гаргаснаар өдгөө энэ нь Эрүүгийн хуулийг өөрчлөх хэмжээнд хүртэл өрнөж магадгүй байна. Зарим нь бүр хөөн хэлэлцэх хугацаа гэгч зүйл ор тас байх хэрэггүй гэж үзэхдээ ч тулж байх шиг.
Үнэхээр ч Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны тухай заалт авлигын гэмт хэрэг хийсэн хүмүүст ял завших боломж олгож байгаа нь илэрхий болсон. Үүсч шалгагдаад, хүчингүй болж байгаа авлига, албан тушаалтнуудын хэргүүдийн хэв шинж, нөхцөл байдлыг ажиглахад энэхүү заалтыг зориуд буюу санаатайгаар УИХ-аар хэлэлцэн баталсан ч байж мэдэх дүр зураг тодрох боллоо.
Хэзээ нэг өдөр өөрсдийнх нь хийсэн гэмт үйлдлүүд ил болно, тэр цагт ял завших, хариуцлагаас мултрах арга нь энэхүү хөөн хэлэлцэх хугацаа байх болно гэдгийг нарийн тооцсон улстөрчид, эрх мэдэлтнүүдийн арга мэх амжилттай хэрэгжсэний хойно бид сая мэдсэн байж тун болзошгүй.
Энэхүү хуулийн заалтыг 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталсан. 2012-2016 оны УИХ-ын олонхийн шийдвэрээр батлагдсан гэсэн үг. Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой хэргүүд тухайн онуудад хамаатаж байгаа нь санаандгүй хэрэг биш. Түүнээс хойш уг хуулийн цөөнгүй удаа өөрчилсөн л дөө. Өөрчлөхдөө зөвхөн хэрэгжүүлж эхлэх хугацаа, ганц нэг үг үсгийн засварууд л хийснээс бус, хөөн хэлэлцэх хугацааны үндсэн агуулгаа огт хөндөөгүй нь хачирхалтай. Нийтдээ долоон удаа өөрчлөхдөө албан тушаалтнуудад ял завших боломж олгосон санкцаасаа огт татгалзаагүй нь анхаарал татна. Тэр ч байтугай, 2016 оноос хойш УИХ-д олонх болсон МАН-ын эрх баригчид ч хөөн хэлэлцэх хугацаагаар оролдохыг хүсэлгүй, харин Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах мэтхэнээр хөөцөлдсөөр таарчээ.
Тэгвэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш ял завшсан авлига, албан тушаалтнуудын хэрэг одоогоор гэхэд л чамгүй урт жагсаалт болчихоод байна. Улсын дээд шүүхээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.
2016-2018 онд дээрх төрлийн нийт 212 хүнд холбогдох 92 хэргийг хянан шийдвэрлэснээс 150 хүнд хорих болон торгох ял оногдуулсан гэнэ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт шалгагдсан 29 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон.
Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан атлаа хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр хэрэг нь хэрэгсэхгүй болох явдал жил ирэх тусам л нэмэгдэх нь тодорхой. Олон нийтийн мэдэж байгаагаар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хэргүүд цөм хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул цагааджээ. Үүний дараа Хөгжлийн банкны булхай луйврууд бидний нүдэн дээр, хуулийн дагуу хэрэгсэхгүй болох замдаа шуударлаа.
Зөвхөн ганц хөөн хэлэлцэх хугацаа ч биш, хуулийн ганцхан зүйл заалтыг УИХ-аас өөрчлөн баталснаар ямар том алдаа завхрал, ял завших үзэгдэл гарч болдгийг бид ЖДҮ-ийг дэмжих сангийн дуулианаар мэдэх болсон билээ. 2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл заалтыг хууль батлагчид хасчихсан. Үүний дараа ЖДҮ-ийг дэмжих сангийн хэрэг мандсан бөгөөд хуульд заасан гэмт хэргийн заалтгүй учраас уг хэрэгт гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болсон. Өдгөө мөрдөгдөж байгаа хуулиар аль нэг гэмт хэрэгт албан тушаалаараа нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон ч ял шийтгэл хүлээхгүй. Эндээс л бид хууль тогтоогчид хүсвэл өөрсдийн булхай луйвар, алдаа дутагдлыг хууль батлах замаар хаацайлж болохыг харж байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс тоолж эхлэхээс хүртэл ял завших үйл явц өрнөдөг аж. Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байдаг. Энэ заалтын улмаас мөрдөн байцаалт, прокурорын шатан дахь хугацааг оруулан тоолох болсноор мөрдөж байгаа албан тушаалтан нь хэргийг хэрэгсэхгүй болтол нь сунжруулах ч тохиолдол гардаг. Нөгөө талд хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс ч хугацаа хожиж, ял завшихыг санаархдаг нь ил тод. Өнөөдөр авлига, албан тушаалтны олон хэрэг “Шалгаж байна” гэх нэрийдлийн дор замхран, сураг алдардгийн цаад шалтгаан ердөө л энэ юм.
Ганцхан жишээ дурдахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэрэгт холбогдсон Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарт холбогдох хэрэг маш удаан шалгагдаж явсны эцэст “Хэрэг нь нотлогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд хаагдаж байлаа.
Бусад оронд бол мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн тохиолдолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог. Хэчнээн удаан шалгаж тогтоосон ч гэмт үйлдэл хийсэн нь батлагдвал ял авдгаараа авна гэсэн зарчим үйлчилдэг.

АТГ-аас авлигын хэргийг илрүүлээд, хуулийн дагуу нотлох ажиллагаа явуулж гүйцсэний эцэст прокурор, шүүхийн шатанд шилжүүлдэг боловч өнөөх нь хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчлан хэрэгсэхгүй болдог нь туйлын гомдолтой. АТГ-ын мөрдөн байцаагчид үүнээс болж нуруугаа авахуулсан морь шиг хавталзаж, илрүүлсэн хэрэг нь үнс адил салхинд хийсч суугааг харж сууна. Шулуухандаа хөөн хэлэлцэх хугацаа гэгч нь зөвхөн эрх мэдэлтнүүдийн өөрсдөдөө зориулж гаргасан хамгаалалт гэж харагдаж байна. Эрх мэдэлгүй хүн энэхүү хуулийн заальхайг ашиглаж чадахгүй. Учир нь тэдэнд эрх мэдэл, мөнгө, нөлөө байхгүй учраас хөөн хэлэлцэх хуулийн хугацааныхаа дотор ял шийтгэлээ хүлээдэг. Гэтэл нийтийн өмч завшсан, эрх мэдлээ урвуулсан, улаан цайм авлигын бүрдэлтэй гэмт хэргүүд буюу мөнөөх цагаан захтай гэмт хэрэгтнүүд ял шийтгэлээс ядах юмгүй булзаж байна. Үүнийг таслан зогсоохын тулд хөөн хэлэлцэх хугацааг эргэн тоолох болон Эрүүгийн хууль дахь тус заалтыг эргэж харах учиртай.
Уг нь хөөн хэлэлцэх хугацаа гэгчийн зорилго нь энэрэнгүй, хүн ёсны эрхээс үүдэлтэй юм билээ. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь тухайн үйлдлийн нийгмийн хор аюул нь арилах бололцоотой хугацааг тогтоож, түүнээс хойш хэрэгт татдаггүй.
Тодорхой хугацаа өнгөрсний дараа зарим нэг гэмт хэрэгт хүнийг яллах нь утгагүй болдог. Жижиг хэмжээний хулгай хийгээд таван жилийн турш хууль мөрдөөд амьдарсан хүнийг таван жилийн өмнөх хулгайн үйлдлээр нь ял өгөх эсэх нь нийгмийг ихэд эмзэглүүлдэг сэдэв юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа гэгч хууль, эрх зүйн ойлголт гарч иржээ.
Өмнөх Эрүүгийн хуулиар бол гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж маш тодорхой ангилаад, тэр болгонд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тогтоон хэрэглэдэг байсан. Харин одоогийн хуулиар дээрх ангиллыг байхгүй болгоод, хөөн хэлэлцэх хугацааг ялгавартай, тодорхой зааж өгөөгүйгээс өнөөгийн завхрал үүдсэн гэж болно. Хөөн хэлэлцэх хугацааг дэлхийн ихэнх улс орон ашигладаг л даа. Гэхдээ ашиглахдаа манайхаас арай өөрөөр хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш тухайн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хуульд заасан хариуцлага хүлээхээс зориуд зайлсхийх үйлдэл хийгээгүй, мөн түүнээс хойш дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.
Нөгөө талаар, зарим оронд хүний наймаа, мансууруулах бодис, алан хядах ажиллагаа, мөнгө угаах болон санхүүгийн холбогдолтой үйлдэл, авлига, насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг сунгах, зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байх зэргээр хуульчилсан ч байдаг.
Тиймээс манай орон гадаадын хүнлэг энэрэнгүй ёсыг хууль гажуудуулах, тэгш бус байдал үүсгэх, ял завших арга хэрэгсэлтэйгээ хольж хутган андуурч хэрэглэхээ болих хэрэгтэй.
Авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг эргэн тоолох, эсвэл сунгах тухайд эсэргүүцэж буй шалтгаанууд дундаас бодууштай нэг үндэслэл бас бий. Тэр нь хэрэв эрх мэдэлтнүүд хүсэх юм бол, ямар ч төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, улс төрийн өшөө авах хэрэгсэл болгон ашиглах магадлалтай. Хэнийг ч, хэдийд ч хүссэн хугацаандаа яллаж болдог болчихвол бас осолтой.