“Панамын материалууд” гэж нэрлэгдээд байгаа Панамын “Моссак Фонсека” хуулийн фирмээс 11 сая нууц баримт бичиг алдагдсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр гарч дэлхий нийтэд шуугиан тарьсан билээ. Учир нь уг хэрэгт дэлхийн 215 мянган оффшор компани, хэд хэдэн улсын төрийн тэргүүн, нөлөө бүхий улстөрчид болон тэдний гэр бүл, бизнесийнхэн холбогдсон бөгөөд эхнээсээ зарим нь албан тушаалаасаа огцроод байна.

Эдгээр материалыг одоогоор нийт 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 сэтгүүлч болон Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум хамтран шинжилж байгаа юм. Тэд саяхан энэ сарын 9-нд тус 11 сая баримт материалыг олон нийтэд ил болгохоо мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Монголын улстөрчид, өндөр албан тушаалтнууд оффшор данстай эсэхийг илрүүлж олон нийтэд ил болгоно хэмээн Өргөдлийн хорооны дарга Ж.Батзандан мэдэгдлээ.

Одоогоор энэ хэрэг дээр Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа бөгөөд Монголын хэд хэдэн иргэний оффшор дансыг илрүүлээд байгаа аж. Гэвч ТЕГ-аас улс төртэй холбоогүй жирийн иргэдийн мэдээллийг олон нийтэд дэлгэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ сарын 9-нд Панамын материал ил болох үеэр Монгол Улсаас холбогдсон иргэдийн нэрсийг манай улсын Засгийн газар руу явуулахаар болсон байна. Хэрэв уг мэдээлэлд улстөрчдийн оффшор данс байвал олон нийтэд ил тодоор зарлах аж.