Монголчууд кофены соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Үүнийгээ дагаад манай улсад кофены зах зээл тэлж үйлчилгээ авах газар нэмэгдээд буй. Кофе нь борлуулалтаараа газрын тосны дараа ордог дэлхийд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн. Монголчууд жилд гурван тэрбум төгрөгийн кофе хэрэглэдэг бөгөөд 2020 оны эхний 9 сард Монгол Улс нийт 198.2 тонн кофе импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үнийн дүнгийн хувьд 1.3 сая ам.доллар болж, 23.5 хувиар нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд Вьетнам, Ирланд, Кени, Мали, Танзани, Эквадор зэрэг 10 гаруй улсаас кофе импортолдог байна. Сүүлийн жилүүдэд Вьетнам улсаас импортолсон кофены хэмжээ 12 хувиар өсжээ.
Кофетой холбоотой сонирхолтой факт:
Кофе элгэнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг
Кофе бол кафейн, антиоксидант, дитерпене зэрэг 1000 гаруй биологийн идэвхтэй бодис агуулсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн юм. Кофе нь цөсний чулуу үүсэхээс сэргийлж, чихрийн шижин өвчинд сайн нөлөө үзүүлэх, сэтгэл гутралыг багасгах зэрэг хүний биед эерэг үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сайн нөлөөг харин элгэнд үзүүлдэг байна. Учир нь антиоксидант, эс хамгаалах бодисыг агуулдаг тул элэгний эсийн задралыг багасгах, эсийг хамгаалах үйлдэл үзүүлснээр элэгний хавдар, хатуурлаас урьдчилан сэргийлж чаддаг байна. Харин кофены хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь түүний найрлагад байдаг кафейн зүрх дэлсүүлэх, мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүлдэг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй байдаг. Мөн кофе их хэмжээгээр ууснаар витамин Д, эрдсийг шээсээр ялгаруулж яс сийрэгжих эрсдэл үүсгэдэг байна. Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг долоон төрлийн кофены орц найрлага хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл хүргэж байна.
Эспрессо
Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг байна.
Хэрхэн хэрэглэх: Эспрессог яг байгаагаар нь эсвэл цайны халбагаар бага зэрэг чихэр нэмж ууна. Ус багатай, маш хүчтэй тул бага хэмжээгээр уудаг. Ус нэмж арвижуулбал гол ялгаа болсон хүчтэй амт нь мэдэгдэхгүй.
Cappuccino
Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг. Найрлага нь ийм тул түүнийг амттаны оронд ч хэрэглэж болно.
Хэрхэн хэрэглэх: Ихэнхдээ каппучиногийн хөөсөн дээр чихэргүй какаоны нунтаг эсвэл хар шоколадны үйрмэг нэмдэг.
Американо
Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг. Нэр нь анх эспрессо Италиас Америкт дэлгэрэхэд Америкчууд шингэлж уудаг байсныг нь ингэж шоглож өгсөн нэр.
Хэрхэн хэрэглэх: Ихэнх хүмүүс сүү, чихэр нэмж уудаг бол мэргэжилтнүүд эспрессогийн амтыг мэдрэхийн тулд сүүг аль болох бага хийхийг зөвлөдөг.
Кофе латте
Энэ бол нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.
Хэрхэн хэрэглэх: Чихэр нэмж уухад гайхалтай амттай болно. Нарийн боов, бялуу эсвэл шинэхэн Итали талхтай хамт хэрэглэвэл сайхан өглөөний цай болж хувирна.
Caf au Lait
Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе Латтетэй ижил гэхдээ эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг.
Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.
Хэрхэн хэрэглэх: Чихэр нэмж уувал тааламжтай.
Caf Mocha (Mochachino)
Энэ бол каппучино эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар. Бэлтгэдэг янз бүрийн хувилбарууд байдаг тул кофе шопоосоо хэрхэн бэлтгэдгийг нь урьдчилан асууж болно.
Хэрхэн хэрэглэх: Какаоны нунтаг, шоколадны үйрмэг нэмж ууна.
Caramel Macchiato
Кофе шоп болгон өөр өөрийн аргаар бэлтгэдэг олон хувилбартай ундаа. Хамгийн түгээмэл жор нь эспрессо, карамел, хөөрүүлсэн сүү холих. Амт оруулахын тулд ванилла нэмэх нь бас бий.
Хэрхэн хэрэглэх: Амсаж үзээд чихэр нэмэх эсэхээ шийдэх хэрэгтэй.