Хэмнэлтийн бодлого үр дүн өгөх үү

УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдэдээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан биш, эргээд улс төсвөө танах бодлогод шилжихээс өөр аргагүй байдалд орчихов. УИХ, Засгийн газар нь төсөвт тодотгол хийхээр шуурхайлж, галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө. Гэхдээ энд зөрүүтэй ойлголт яваад байна. Иргэд хэмнэлт гэдгийг улсын төсвөөс үргүй зардлуудыг хасаж, хэмнэсэн мөнгөө татвар бууруулах замаар иргэдэд тэгш хүртээх гэж ойлгож байгаа бөгөөд саяхны жагсаалын гол шаардлага энэ байсан. Харин Эрх баригчид 2022 оны төсвийн алдагдал болох 2.4 их наяд төгрөгийг аль болохоор их хасах тухай яриад эхэллээ. Энэ хоёр хоорондоо огт өөр зүйл юм. Ер нь хэмнэлтийн бодлого гэдэг нэр томьёо ч одоо Монголд хэрэгтэй байгаа арга хэмжээ, бодлогод тохирохгүй.

Хэмнэлтийн бодлого гэдэг нь төсвийн хөрөнгө оруулалтыг багасгахаас гадна татвар хураамж нэмж, халамж тэтгэврийг багасгахыг хэлдэг. Эдийн засгийн хямрал, өрийн дарамт зэрэг хүнд нөхцөл байдлын үед ихэвчлэн хэрэгжүүлдэг ч үр дүнтэй эсэх нь одоог хүртэл маргаантай байдаг эд. Лав л 2007, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хэмнэлтийн бодлого барьсан улс орнууд сайн үр дүн гаргаагүй, сонгосон арга нь буруу байсан гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрдөг. Гол нь эдийн засаг хямралтай ААН болон хувь хүмүүс “бүсээ чангалж” байхад зэрэгцээд засгийн газрын зардлыг танах нь эдийн засгаас маш том хэмжээний эрэлтийг хасаж, эдийн засгийн өсөлтийг сааруулсан байна. Европын бараг бүх улс энэ туршлагыг одоо болтол мэдэрч байгаа. 

Улс орнууд угтан буй эдийн засгийн таагүй байдлаас зайлсхийхийн тулд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлдэг ч үр дүн алаг цоог байдгийг дараах жишээ харуулж байна.  

Румын

1950, 1960-аад онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэж явсан Румын улс эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалахын тулд 1970-аад онд их хэмжээний зээл авсан байдаг. Энэ өрөө дарахын тулд 1981 оноос хэмнэлтийн бодлого хэрэгжүүлснээрээ өмнөх ололт амжилтаа баллаад хаясан түүхтэй. Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн жилүүдэд Румыний үйлдвэрлэл буурч, өрсөлдөх чадвар суларч, нийт румынчүүдийн амьжиргааны түвшинг дордуулсан байдаг. 1989 онд болсон төрийн эргэлт, Румыний коммунист намын сүйрлийг авчралцсан гэдэгтэй бүгд санал нийлдэг юм.   

БНХАУ  

ХКН 1979 онд угтан буй хоол хүнсний хомсдлоос сэргийлэх зорилгоор “Нэг өрх-нэг хүүхдийн бодлого”-ыг санаачлэн хэрэгжүүлсэн байдаг. Намын удирдлагуудын төлөвлөснөөр энэ бодлого нь  Хятадын эдийн засгийн амбийцын нэг хэсэг болох учиртай байв. Гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг, зөрчвөл санхүүгийн болоод эрүүгийн чанга хатуу хариуцлага хүлээлгэх заалт бүхий энэ хууль энэ цагаас хойш 26 жилийн турш хэрэгжжээ. Үр дүнд нь хүүхэд хэтрүүлсний төлбөр болох хоёр их наяд юань буюу 206 тэрбум фунт стерлинг улсын орлого болсон ч БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээр, 26 жилийн хугацаанд 350 сая жирэмслэлтийг хүчээр зогсоосон байна. Энэ нь жилд 13 сая, цагт 1500 үр хөндөлт явагддаг байсан гэсэн үг юм. Төр хүсээд байсан өлсгөлөнгөөсөө сэргийлж, 206 тэрбум фунт олж чадсан ч 1 эмэгтэйд 1.16 эрэгтэй ноогдож байгаа, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, “бяцхан ханхүү” нарын бэрхшээл гээд одоо нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг сольж авчээ.

Өр зээл төлөх, хямралаас зайлсхийх гээд шалтгаан нь ямар ч байсан төсвийн зардлыг хасахаас илүү оновчтой болгох нь зөв гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг хасах нь тийм оновчтой арга биш аж. Төрөөс захиалсан ажил, үйлчилгээг гүйцэтгэх замаар маш олон ААН, иргэд хоолтойгоо залгахыг мартаж болохгүй.  

Ер нь төр ажил, үйлчилгээ худалдаж авах нь буруу биш, харин дундаас нь сул мөнгө халаасалдаг түшмэдүүд, тендер аваад цааш нь дамжуулж дундаас нь мөнө “унагадаг” “цүнхний” гэгдэх компаниуд л төсвийн жинхэнэ.үргүй зардал байгаа юм. Хэмнэвэл тэднийг л хэмнэх учиртай. Хямралын үед ажилгүйчүүдийн эгнээг тэлэх нь хүнлэг бус бөгөөд орон тоог цомхотгох бус, өндөр албан тушаалтны хангамжийг хасах гэдэг ч юм уу арга хэрэглэх нь хүн чанартай алхам болно. Мөн ажлын байр нэмэгдүүлэх ажилд хөрөнгө мөнгө харамлах хэрэггүй. 2007 онд эхэлсэн хямралаас авсан шархаа одоо болтол эдгээж чадаагүй Европ хэмнэлтийн бодлого барьсан. Харин АНУ эсрэгээрээ бүтээн байгуулалт өрнүүлж, ажлын байр бий болгосноороо харьцангуй хурдан давсан гэж үздэг. Нийслэлийн түгжрэлийг бууруулахтай холбоотой их бүтээн байгуулалт эхэлж таарсан нь бидний хувьд аз. Хөдөө аж ахуйн салбарт бага хүүтэй зээл олгож байгаа нь ч эзнээ олж байвал сайхан боломж мөн. Одоо бүгдээрээ "Бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангана" гэсэн амбийцтайгаар зоригтой ажиллаад л байх хэрэгтэй байна. "Тусгаар тогтносон улс мөнгөн тэмдэгтээрээ гачигддаггүй" гэдэг үг бий. Онолын маш олон боломж байдаг. Валютын нөөц бүрдүүлэхдээ ам.доллараас гадна юань, рубльд ач холбогдол өгөх, алт зэрэг цөвүүн цагт ач холбогдолтой салбарт онцгой анхаарах бол хийх ёстой наад захын ажил юм.  Дайн хурдан дуусаасай, гэхдээ дуусахгүй удвал сөргөлдөгч талуудад юу хэрэгтэй болох вэ, бид юуг нь хангах боломжтой вэ, наана нь аль салбараа хөгжүүлчихвэл боломж гарах вэ гэдэг санаа ч явж л байх учиртай. 

Иргэдийн хувьд, төр засгийн хэмнэх зөвлөгөөг басамжлал доромжлол мэтээр хүлээж авах нь өрөөсгөл юм. Хямралтай үед ажилтай хүн л амьдарна гэдгийг бодолцож, ажилгүй нь ажилд орж, ажилтай нь байр сууриа бэхжүүлэхийг дор бүрнээ бодох л асуудал.

Хэмнэлттэй холбоотой саяхны нэг жишээ хэлэхэд, хятадууд хоол хүнс хэмнэхийн тулд төрөлт бууруулах харгис аргааасаа татгалзсан ч иргэдэдээ “Тавгаа багасгах”-ыг 30 гаруй жил уриалсаар байгаа. Манайхаас ялгаатай нь, иргэд “Та нар өөрсдөө тавгаа багасга” гэж төр засаг руугаа дайрсангүй. Бас уриалгыг нь хэрэгжүүлсэн ч үгүй. Өөрсдийнх нь төлөө өгсөн нөхөрсөг зөвлөгөө, уриалга гэдэг утгаар нь хүлээж авсан. Тэгэхээр нь эрх баригчид нь жилийн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Хэрэгцээнээсээ илүүгээр хооллохыг хориглох агуулга бүхий хуулийн төслийг баталсан. Ресторан, хоолны газар худалдаж авсан хооолоо идэж чадалгүй орхисон буюу хэмжээнээсээ их хоол авч хаяхад хүргэсэн этгээдэд энэ хуулиар хариуцлага тооцоод явж байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ай мэдэхгүй харж л байя яаж хэмнэлт хийхий нь

    0 0 Хариу бичих
  2. зөв, хариуцлагатай, шударгаар явуулбал үр үн өгөх нь мэдээж шүү дээ

    0 0 Хариу бичих