Санхүүгийн нэгэн төрлийн бүтээгдэхүүн болох  лизингийн үйлчилгээ Монголд нэвтрээд 10 гаруй жил болж байна. Амттан, шоколад зардаг компани хүртэл иргэдэд лизингийн үйлчилгээ санал болгож байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүн манай зах зээлд байр сууриа нэгэнт олсны баталгаа. Гэвч материаллаг хэрэгцээг хангах тал дээр илүү ашиглагдаад, оюунлаг хэрэгцээг хангах чиглэлд бараг нэвтрэхгүй байгаа сул тал ажиглагдаж байна. Учир нь, Монголд өнөөдөр хамгийн хэрэгцээтэй байгаа мэргэжил сургалтын төвүүдэд лизингийн үйлчилгээ алга. Тухайн сургалтын төвүүд суралцагчдадаа төлбөрөө хувааж төлөх зэрэг боломж олгодог ч нийтлэг дүрэмгүй байгаагаас иргэдийн сурч мэдэх хэрэгцээ шаардлагаа хангах боломж хомс байна.

Монгол дахь лизингийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү хувь нь лизингийн үйлчилгээ авч байсан гэх судалгаа гарчээ. Өөр нэгэн судалгаан дээр Монгол Улсад байгаа лизингийн үйлчилгээг гурван төрөлд хувааж үзсэн байна.

-Хэрэглээний бараа

-Тээврийн хэрэгсэл

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж.

Тээврийн хэрэгсэл болон хэрэглээний бараанд лизингийн нөхцөлд хугацаа 12 хүртэл сар (зарим тохиолдолд 24 хүртэл сар), урьдчилгаа төлбөр нь 20-30 хувийн хүүтэй байна.  Харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лизингийн тухайд гол хамрагдаж буй салбар нь уул уурхай. Учир нь уул уурхайн төхөөрөмжийн үнэ бусад салбартай харьцуулбал өндөр байдаг. Түүнчлэн тоног төхөөрөмжийн лизингийн хүү дунджаар жилийн 12-18 хувь байдаг нь зах зээлийн хүүгээс бага бөгөөд хугацаа нь 36 сар хүртэл байдаг ажээ.

Монгол Улсын лизингийн нийт гэрээний 80 гаруй хувь нь 12 сараас бага хугацаатай байгаа бөгөөд өнөө цагт бүх бараа бүтээгдэхүүн дээр лизинг гардаг болжээ.

Лизингийг иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхэд ашиглая

Санхүүгийн боломжгүй үед нь иргэдэд хэрэгтэй бараа, үйлчилгээг нь өгдөгт лизингийн гол ач холбогдол оршдог. Тиймээс лизингийн үйлчилгээ аль салбарт түлхүү нэвтэрснээр нь тухайн улсын иргэдийн хандлага, салбаруудын тэргүүлэх чиглэлийг тандаж болдог байна. Манай улсын хувьд гэвэл, өмнөтгөлд өгүүлсэнчлэн, материаллаг хэрэгцээ буюу бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр илүү өргөн хэрэглэж буй. Харин гаднын улс орнуудын хувьд лизинг нь боловсролын буюу иргэдийн оюуны хэрэгцээг хангах чиглэлд түлхүү ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй болгоход илүүтэй ашиглаж, боловсролын салбартаа лизингээр суралцах системийг хэрэгжүүлэх болсон байна.

Ингэснээр ажилгүйдэл, боловсролгүй иргэдийн тоо буурч нийгэм, эдийн засаг болоод ядуурлын түвшинг бууруулах эерэг нөлөөтэй. Энэхүү хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлж, толгойлж яваа улс нь АНУ. Тус улсад дан ганц их дээд сургууль бус өөр сургалтын төвүүдэд ч лизингийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тухайлбал, АНУ-ын Сан Францискод байх “Ламбда” сургалтын төв нь компьютерын програмчлалын хэл заадаг. Сургалтын хөтөлбөр зургаан сарын хугацаатай бөгөөд залууст хамгийн тааламжтай сургалтын төлбөр санал болгодог байна. Суралцагчдыг ажилд орсны дараа сургалтын төлбөрийг авдаг ажээ. Ажилд орсон л бол шууд төл гэхгүй, орсныхоо дараа хоёр жилийн хугацаанд төлж дуусгах гэрээ хийдэг байна. Харин ажилд орж чадахгүй бол сургалтын төлбөр төлдөггүй аж. Хэрэв ажлаасаа халагдах, эсвэл сарын цалин 4166 ам.доллараас бага болбол тухайн сарын эргэн төлөлтийг зогсоож болдог.

АНУ-д лизингийн үйлчилгээгээр иргэдийнхээ боловсрол, мэргэжлийг дээшлүүлж буй “Ламбда” сургалтын төвүүдийг төр нь татварын болоод бусад бодлогоор дэмжин ажилладаг. Иймээс ч тус улсын сургалтын төвүүдийн багагүй хувь нь лизингээр хичээл орж байгаа. Ингэхдээ лизингийн нөхцөлд тавигдах шаардлага нь сургалтаа төгсөж ажилд орсны дараа эргэн төлүүлдэг юм. Үүний нэг нь АНУ-ын Нью-Йорк хотод байдаг “Thinkful” сургалтын төв бөгөөд эл төв таван сарын хугацаанд программ хангамжийн инженер мэргэжлийг олгодог аж. Харин сургалтын эргэн төлөлтийг нь хувь хүний санхүүгийн чадавхид жинтэй тусахааргүй тооцолдог байна. Энэ нь иргэдийг жилд 40000 ам.доллараас дээш цалинтай болох үедээ орлогынхоо 15 хувийг гурван жилийн хугацаанд төлөх нөхцөл тавьдаг аж. Хэрэв ажлаа сольж, орлого нь жилийн 40000 ам.доллараас бага байвал төлбөрийг нийт 24 сар хүртэл түр зогсоож болдог гэнэ. Мөн бусад сургалтын төвөөс ялгарч харагдуулдаг зүйл нь суралцаж буй салбарын болон хувийн карьерын талаар ганцаарчилсан зөвлөгөө өгдөг байна.

Манай сургалтын төвүүд лизингтэй болох хэрэгтэй

Монгол Улсад лизингийн үйлчилгээгээр боловсрол олгож буй сургалтын төв байхгүй. Харин лизингийн үйлчилгээтэй сургалтын төв бий болбол суралцах хүсэл эрмэлзэлтэй залуус олон байгаа юм. Их дээд сургуульд суралцаж буй 10 оюутнаас сургалтын төв лизингтэй болбол суралцах эсэх талаар санал асуулга авахад долоон оюутан суралцана гэж хариулсан нь үүнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл лизингээр боловсрол дээшлүүлэх эрэлт зах зээлд байгаа ч нийлүүлэлт нь алга. Хэрэв лизингээр сургадаг боловсролын төвүүд бий болбол нийгэмд олон талын давуу талтай. Наад зах нь боловсролгүй иргэдийн тоо буурна, цаашлаад ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг буурахад ч нөлөөлж болох талтай. Мөн нийгмийн түүчээлэн авч явах чадварлаг боловсон хүчин ч бий болно.

МҮИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Л.Вандандорж

Би хоёрдугаар дамжааны оюутан. Миний ойрын зорилго бол герман хэлтэй болох. Ийм ч учраас хувиараа сурч байгаа. Хувиараа сурахад нэг тулгардаг бэрхшээл нь дүрэм. Дүрэм дээр их толгой эргэдэг. Боломжтой байсан бол сургалтын төвд суугаад сурчих байлаа гэж битүүхэндээ боддог.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Билгүүн

Би өөрт байсан гарын ур дүйгээ ашиглан хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хэрвээ сургалтын төвүүд лизингтэй, гаднын улсууд шиг уян хатан нөхцөлтэй байсан бол би одоо хийж байгаа ажлынхаа мэргэжлээр сурах байсан. Хүн хэчнээн авьяастай ч онолын мэдлэг чадвар дутах үе гардаг юм билээ. Гэхдээ одоохондоо Монголд ийм тогтолцоо хараахан бүрдээгүй байна.