Ковид19 цар тахал дэгдээд гурван жил шахам болсон ч уг өвчнийг үүсгэгч коронавирусийн гарвалыг тогтоох ажил амжилт олоогүй хэвээр байна. 2003-2004 онд дэгдсэн SARS, 2012 онд дэгдсэн MERS вирусийн уг гарвалыг эрдэмтэд хэдхэн сарын дотор олж тогтоон тархалтын хүрээг хумьж байсан. Харин энэ удаа цар тахалд үүсгэж буй SARS-CoV-2 вирус нь маш олон төрлийн мутаци үүсгэж байгаа тул эрдэмтэд одоо хүртэл гарвалыг нь тогтоож чадаагүй байгаа юм.

2020 оны есдүгээр сард The Lancet COVID-19 нэртэй комисс байгуулагдсан ч зорилгодоо хүрээгүйгээр барахгүй дотооддоо ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардагдаж, улмаар 14 сарын дараа татан буугдахад хүрсэн юм. Анх өвчний голомт болсон БНХАУ өвчнийг сарьсан багваахайнаас хүнд дамжсан гэж үзэж, халдвар анх илэрсэн гэх Хуанань хүнсний захыг ариутган халдаргүйжүүлсэн ч уг ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг ДЭМБ-д гаргаж өгөөгүй байна. ДЭМБ-аас байгуулсан ажлын хэсэг Ухань хотод ажилласан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Энэ нь вирус лабораториос алдагдсан гэсэн хардлагыг улам нэмэгдүүлж байгаа талаар Австралийн Үндэсний их сургуулийн Тархвар судлал, хүн амын эрүзүл мэндийн үндэсний төвийн профессор Колин Батлер мэдэгдэл хийжээ. Тэрээр БНХАУ хаалттай байгаа нь цар тахлын үүсгэгчийн гарвалыг олох ажилд саад учруулж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Хэдий гол мэдээлэгч байх ёстой БНХАУ ийнхүү хаалттай байгаа ч дэлхий даяар вирусийн уг гарвалыг олж тогтоох ажил үргэлжилсээр байгааг “Аль жазира” агентлаг мэдээллээ.