Нийслэлийн хэмжээнд эрчимтэй өрнөж буй нэг ажил бол өнгө үзэмжгүй, зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах. Нийслэлийн иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэг иргэд хохирсон ч ямартай ч энэ ажил урагшилсаар л байна.
2021 онд 1548 объектын 37299 ам метр газрыг чөлөөлжээ
Нийслэлийн Засаг даргын А/177, А/250, А/251 дүгээр захирамж болоод дүүргийн Засаг дарга нарын холбогдох захирамжийн дагуу найман дүүргийн хэмжээнд зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1548 объектын 37299 ам метр газрыг чөлөөлсөн байна. Нийт 350 байршилд газрын зөрчил арилган, чөлөөлөлт хийсэн бөгөөд эдгээрээс 43 байршлын 30201 ам метр талбайд тохижилт хийх боломжийг бүрдүүлээд байна хэмээн нийслэлээс мэдэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 977 гарааш, чингэлэг, зөөврийн байгууламжийг чөлөөлсөн гэсэн мэдээ бий.
2022 онд 188 байршилд 4860 гарааш буулгана
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажлын хүрээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна. Гуравдугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл 26 байршилд 10658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13 хувь болж байгаа юм. Гарааш чөлөөлөх ажил 2022 оны наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.
Нэг л газар бүтээн байгуулалт хийгдэх сураг дуулдав
Хотын иргэдийн хувьд газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байгаа. Гэвч буулгасан гараашуудын хог одоо хүртэл хөглөрч энэ талбайд юу хийх нь тодорхойгүй байгаад иргэд бухимдалтай байна. Одоогийн байдлаар ганц газарт бүтээн байгуулалт хийгдэх сураг гарсан бөгөөд 17-р цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гараашийг буулгаж, оронд нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар болоод буй юм. Чөлөөлсөн талбайд юу бүтээн байгуулахаа оршин сууж буй иргэдээс санал авч шийднэ гэж нийслэлийн зүгээс мэдэгдсэн. Авто зогсоол, ногоон байгууламж зэргээр иргэд саналаа өгч шийдэх боломжтой ч одоо хүртэл санал асуулга эхэлсэнгүй. Дээр дурдсанаас өөр нэг ч талбайд тохижилтын ажил хийгдээгүй байна. Ихэнх гарааш буулгасан газар нь оршин суугчид машинаа л байрлуулж байх шиг.
Нийтийн газар нэгнийх болчихвол яах вэ
Нийтийн эзэмшилд шилжүүлэн нийтийн сайн сайханд тустай бүтээн байгуулалт хийнэ гэдэг боловч “замхраад” дууссан хоёр жишээг энд толилуулъя.
Жишээ нэг
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо РЦНК-ийн баруун урд талд хоёр га гаруй газрыг хашаалаад олон жил ашиглаагүй. Энэ газар өмнө нь маш том цэцэрлэгт хүрээлэн байсан хэдий ч сүүлийн 5-6 жил хогийн цэг мэт болж, одоогоор бүх газар нь хувийн компанийн мэдэлд очсон. Иргэдийн зүгээс энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож өгөөч хэмээн санал тавьдаг ч хэзээ ч шийдэл нь тодорхойгүй хэвээр. Анх тус газрыг нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компанид зарснаар нийтийн өмч болсон газар хувийн компанид очсон түүхтэй. Хэн нь зарсан нь мэдэгдэхгүй болтлоо шилжүүлсээр хариуцлага хүлээх эзэн тодорхойгүй үлдэв.
Энэ талаар “Golden vill” хотхоны оршин суугч “Энэ газрын зарим хэсэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн 16 давхар барилга барихаар ажиллаж эхэлсэн. Хотын удирдлагууд, улстөрчид олон жилийн өмнөөс л энэ газрыг "Цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна" гэж амладаг байсан ч амлалтдаа хүрээгүй төдийгүй хогоор дүүрч, тоос шороо ихтэй болж орчны бохирдлыг нэмэгдүүлж байна. Түүхийг нь сонсоход анх энэ газрыг нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компаниудад зарчихсан гэх юм билээ. Шадар сайд С.Амарсайхан хүртэл өмнө нь хотын дарга байхдаа энэ газрыг ногоон байгууламж болгоно гэсэн амлалт өгч байсан удаатай. Хотын төвд үлдсэн ганц барилгажаагүй энэ том талбайг ногоон байгууламж болгомоор байна" хэмээн ярьсан нь бий.
Жишээ 2
Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд 500 гарааш буулгахаар болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Энэ үеэр тус хорооны иргэн “Би нэгдүгээр хорооллын унаган иргэн. Энэ газарт ногоон байгууламж байгуулна гэвэл дэмжинэ. Сургуулийн ойролцоох газруудад сургалтын төв байгуулна гэхээр дэмжсэн. Гэтэл одоо нэг ч сургалтын төв алга. Тэр газарт баахан дэн буудлын газар бий болсон” хэмээсэн юм.
2021 онд чөлөөлсөн 37299 ам метр талбай, 2022 онд чөлөөлөөд буй 10658 ам метр талбайд дээр өгүүлсэн хоёр жишээ шиг түүх давтагдвал яах вэ. Урт гартай, ууж идэж ханадаггүй нэг даргын мэдэлд энэ газрууд оччихвол хэн хариуцлага хүлээх вэ. Үндсэн хуульд заасан эрхээ ч эдэлж чадалгүй нийтийн эрх ашгийн төлөө нөхөн төлбөргүйгээр гараашаа чөлөөлсөн иргэд юуны төлөө газраа чөлөөлсөн болж таарах вэ. Нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн Газрын албанаас асууя. Буулгаж орхисон гараашуудын оронд бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ.