Statista судалгааны байгууллагын мэдээлснээр жилийн хугацаанд дэлхий даяар эрхтэн шилжүүлэх 150 мянга гаруй хагалгаа хийгддэг бол тэдгээрийн гуравны хоёр нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал. 2019 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 35 мянга гаруй, зүрх шилжүүлэн суулгах 9000, уушги орлуулах 7000 хагалгаа хийгджээ.
Гэвч энэ нь амьд үлдэхийн тулд донор эрхтэн хүлээж буй бүх өвчтөний амь насыг аврахад хаанаа ч хүрэлцэхгүй. АНУ-д л гэхэд 100 мянган хүн донор эрхтэн хүлээж буй жагсаалтад бүртгэлтэй. Уг жагсаалт есөн минут тутамд шинэчлэгдэж, харин донор эрхтэн олдоогүйн улмаас хоногт 17 хүн амьсгал хураадаг ажээ.
Дэлхий даяар хоол хүнс мэт амин чухал хэрэгцээтэй болоод буй донор эрхтэнийг хүний бие физилогитой ойролцоо байж болохамьтдаас генетикийн хувьслын аргаар гаргаж авах оролдлогыг олон улсын эмч, судлаачид хийсээр буй. Хүний овогтой ойр төрөл гэгддэг шимпанзе сармагчны эд эрхтэнийг шилжүүлэн суулгах туршилт хийж үзсэн ч бидний “зөрүүд” биеорганизм, дархлааны тогтолцоо хүлээж аваагүй. Харин хүнтэй хамгийн төстэй ДНХ буюу удамшлын макромолекулын суурьтай гэж үздэг гахайн эд эрхтэнийг харьцангуй нааштай хүлээж авсан тохиолдол шинжлэх ухааны түүхэнд гарлаа. Хэдийгээр гахайн эрхтэн суулгасан өвчтөнүүд удаан амьдраагүй ч энэ нь шинжлэх ухаан технологийн хувьсалд бага ч болов гэрэл тусгаснаас зайлахгүй.
Хүний биеийн “эсэргүүцэгч” дархлаа
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хил хязгаар урьд өмнө байгаагүйгээр урагшилж амжилт гаргалаа. Генетик инженерчлэлийн аргаар хувьсган өөрчилсөн гахайн эрхтэнийг хүнд донор эрхтэн болгож анх удаа ашиглав.
Генетикийн өөрчлөлтөд орсон гахайн зүрх шилжүүлэн суулгасан хүн амьд явах хугацаагаа хоёр сараар уртасгаж чаджээ.
Бид гахайн эд эрхтэний тусламжтайгаар дэлхий даяар донор эрхтэн хүлээж амь тэмцэж буй сая сая иргэнийг аварч, донор эрхтэний хомстолыг арилгахад хэр ойртов?
Хагалгааны өрөөн дэх чимээгүй байдал сувилагч донор эрхтэнг авчран орж ирэх үед эвдэгдэж, жинхэнэ үймээн эхэлнэ. Мэс заслын эмч нар гахайн бөөрийг хүний биед суулгав. Мэс заслын хавчаар хангинаж, хүний цус гахайн эрхтэн рүү юүлэгдлээ. “Цус дуслах чимээ сонсогдох учиртай” гэж доктор Жейме Локк хэллээ. Хагалгаа амжилттай болох эсэх нь хэдхэн хормын дотор мэдэгдэх бөгөөд хагалгааны өрөөнд байгаа эмч нарын толгойд нэг л асуулт эргэлдэнэ.
Ягаан уу, хар уу...Хэрэв өвчтөний бие организм гаднын биетийг хүлээж авалгүй эсрэг биет үүсэж эхэлбэл гахайн эрхтэний эд дэх эс бүр ханзарч сэтрэн, эрхтэн дотроосоо гадагш бүлэгнэнэ. Донор эрхтэн дээр хөх толбо үүсэж, хэдхэн минутад бүхэлдээ харлана. Хэрэв хүний бие ингэж хүчтэй эсэргүүцэхмеханизмыг даван гарч чадвал донор эрхтэн цусны урсгал болоод хүчилтөрөгчид өнгө нь улайрч ягаардаг. “Үнэхээр гайхалтай, ягаан... итгэл найдвар, баяр баяслын өнгө. Бид баярлаж болох нь” гэдэг үгийг доктор Локк хэллээ.
Доктор Локк АНУ-ын Бирминхэм дэх Алабамагийн их сургуулийн эрдэмтэн. Энэ түүх бол эрдэмтдийн анагаах ухааны салбарт, тэр дундаа амьтдын эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн гаргасан амжилтуудын нэг ажээ.

Үнэн хэрэгтээ амьтдын эд эрхтэнийг хүний биед шилжүүлэн суулгах нь шинэ санаа биш. Хүн төрөлхтөн дээд үеийн хамаатан болох шимпанзе сармагчны төмсөгний эд эсээс авахуулаад зүрх, бөөрийг нь хүртэл шилжүүлэн суулгаж үзсэн. Гэвч оролдлого бүр харамсалтай үхлээр төгсөж байв. Хамгийн гол асуудал бол бидний дархлааны тогтолцоо шилжүүлэн суулгасан эрхтэнийг яг л гаднын халдвар, дайралт мэт хүлээж аван эсэргүүцдэг. Харин гахайн дотор эрхтэн хүний биед хамгийн тохиромжтой хэмжээтэй төдийгүй зуун зууны туршид тэднийг маллаж ирсэн туршлага бидэнд бий. Хамгийн том сорилт бол дархлааны тогтолцооны хариу урвал буюу шилжүүлэн суулгаж буй эрхтэн харлалгүй ягаан өнгөө хадгалах явдал юм. Гэхдээ та хүссэн фермээсээ эрхтэнийг нь авахаар гахай сонгочихож болохгүй нь мэдээж. Хүний биед илүү тохиромжтой болгохын тулд гахайн ДНХ-ийг генетик инженерчлэлийн аргаар өөрчлөх ёстой. Саяхан гахайн бөөр, зүрхийг хүнд шилжүүлэн суулгасан мэдээ дэлхий нийтийг гайхшруулав. Ингэхдээ тусгайлан генийн хувьсалд оруулж гахайн биед ургуулсан эд эрхтэнийг хүний биед суулгажээ. Ийм гахайнуудыг “10 гентэй гахай” гэж нэрлээд байна. Үүн дотор донор эрхтэн өсөлтийн дааварт хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлсэн генийн өөрчлөлтийг оруулжээ. Өөр нэг чухал өөрчлөлт нь гахайн эсийн гадаргууд наалдсан байдаг альфа-Гал гэж нэртэй чихрийн молекулыг арилгах юм.Энэ молекул нь эдийг бүхэлдээ гаднын биет гэдгийг илтгэх асар хурц гэрэл мэт цацрах нөлөөг үзүүлдэг. Дархлааны нэмэлт тогтолцоо нь цаг ямагт альфа-Гал гэгчийг хүний биед нэвтрэх эсэхийг хянаж, цурам хийлгүй харуулдаж байдаг. Тиймээс гахайн эрхтэнээс ялгаж авахгүй бол дархлааны тогтолцоо хүлээж авалгүйгээр эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хормын төдийд устгачихна. Гахайн эд эрхтэнийг хүний эд эрхтэнээс ялгаж байдаг бусад хоёр шинж тэмдэг генетикийн өөрчлөлтийн явцад арилдаг. Ийнхүү хүнд байдаг 10 төрлийн генийг гахайн донор эрхтэнд нэмснээр амьтанлаг эсүүдийг өнгөлөн далдлах сүлжээ үүсгэж, хормын хариу урвал үзүүлэгч дархлааны тогтолцооноос нуугдана гэсэн үг юм. Үүний үр дүнд 10 гентэй гахайнуудхүнд зориулагдсан эрхтэнүүдээ ургуулж байна. Гахайн эрхтэн суулгасан өвчтөнүүд хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм үргэлжлүүлэн уух зайлшгүй шаардлагатай.
Гахай бөөр, зүрхийг хүнд шилжүүлэн суулгасан туршилтууд
Ийм нөхцөлд ургуулсан гахайн хос бөөрийг тархины үхжилттэй Жим Парсонс өвчтөний биед шилжүүлэн суулгах хагалгааг 2021 оны есдүгээр сард хийжээ. Тэр амьсгал хураасныхаа дараа эрхтэний донор болох хүсэлтээ эмч нарт тавьжээ. Түүний бөөрийг донор эрхтэний хүлээлгийн жагсаалтад байсан өөр нэгэн өвчтөнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэсэн юм. Парсонсын бөөрийг авсныхаа дараа оронд нь гахайн бөөр суулгах зөвшөөрлийг ар гэрээс нь авсны дагуу хагалгааг гүйцэтгэв. Доктор Локк хос бөөрний нэг шээс ялгаруулж эхэлсэн мөчийг хосгүй амжилт гэж үздэг.

Мэрилэндийн анагаах ухааны төвийн өвчтөн Дэвид Беннет зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай байсан юм. Түүнд хүний зүрх шилжүүлэн суулгах боломжгүй гэж үзсэн бөгөөд зүрхийг нь аппаратны тусламжтай хүчилтөрөгчөөр ханган, хиймлээр амьсгалуулж байв. Беннетэд гахайн зүрх суулгаж болох тухай мэдээ хонгилын мухарт гэрэл асаах мэт болжээ. 10 гентэй гахайг эмнэлэгт авчран зүрхийг нь Беннетийн цээжний хөндийд суулгах мэс заслыг энэ жилийн нэгдүгээр сарын 7-ны өдөр хийсэн. Беннетийн зүрх хавагнасны улмаас хэмжээ нь томорсон байсан тул мэс засал нэлээд түвэгтэй болжээ. Гахайн зүрх өвчтөний зүрхний хэмжээнээс арай жижиг байсан тул венийн судсыг холбох нь мэс засалчдын өмнө амаргүй даваа байв. Өвчтөний бие махбодь гахайн зүрхийг тэр даруй эсэргүүцэж магадгүй байсан боловч гайхамшиг тохиолдон азаар цохилж эхэлснээр өнөөх ягаан өнгө гэрэл цацруулжээ. Зүрх шилжүүлэн суулгах тасгийн дарга доктор Мухаммад Мохиуддин уг түүхэн үйл явдлын гэрч болно гэдэгтээ тийм ч их итгэлтэй биш байснаа хагалгааны дараа дурссан байна. Хагалгаанаас хойш яг сарын дараа өвчтөнтэй уулзахад эрхтэнийг хүлээж авахгүй байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй ч биеийн байдал нь сул хэвээр байжээ. Үүнийг тайлбарлахдаа “1960-аад оны хуучин машинд цоо шинэ Феррари автомашины хөдөлгүүр тавьсантай ижил. Хөдөлгүүр гайхалтай хүчин чадлаараа ажиллаж байгаа ч бие махбодь нь түүнд дасах шаардлагатай болно” гэж доктор Мохиуддин өгүүлсэн юм. Беннет эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээс хойш хоёр сарын дараа амьсгал хураалаа. Өөр төрлийн биетээс эрхтэн шилжүүлэн суулгаснаас болсон байж магадгүй ч шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ түүний бие махбодь гаднын биетийг хүлээж авахгүй байна гэсэн дохио огт ирүүлээгүй.

Өвчтөн Дэвид Беннет
Хэрэв хүний биеийн дархлааны тогтолцоо гахайн зүрхийг эсэргүүцэж буй дохио мэдэгдвэл 10 гентэй гахайг хүний биед илүү тохиромжтой болгох өөр хувилбарыг сонгохоор эрдэмтэд чармайж буй.
Хүн гахай шиг дөрөв биш хоёр хөл дээрээ алхдаг учраас бидний зүрхэнд гахайныхаас илүү таталцах хүчний эсрэг тэмцэх хүч шаардлагатай болдог. Ноттингемын их сургуулийн үүдэл эсийн биологийн профессор Крис Дэннингийн үзэж буйгаар зүрх шилжүүлэн суулгах хагалгааны үед дархлааны тогтолцоо хариу урвал үзүүлэхгүй байна гэдэг нь том амжилт. Тэгвэл Их Британийн эрхтэн шилжүүлэх багийн мэргэжилтэн, профессор Жон Уоллуорк гахайн зүрх олон хүний амийг аврах хангалттай донор болж чадахгүй гэж үздэг. Гэхдээ эрхтэн шилжүүлэн суулгах дэлхийн анхны хагалгааг удирдаж байсан эмчийн хувьд тэрээр 100 хүнд 85 хувийн амьд үлдэх боломжтой хүний зүрх суулгаж байснаас 1000 хүнд амьд үлдэх 70 хувийн боломжтой гахайн зүрх суулгасан нь дээр гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.