Химийн гаралтай эмийн гаж нөлөөгөөр цэнгэг усны амьтан, ургамлын төрөл зүйлүүд устаж мөхөх аюул ойрхон ирсэн гэдгийг эрдэмтэд сануулж байна. Ойрмогхон Йоркийн их сургуулиас хийсэн судалгаагаар дэлхийн 100 гаруй улсын гол мөрнөөс үлэмж хэмжээний эмийн бодис илэрчээ.

Судалгаанд дэлхийн бүх тивийг хамруулж, 258 голын 1000 гаруй цэгээс дээж авахад 61 төрлийн эмийн идэвхтэй агууламж тогтоогдсон аж. Ердөө хоёр газарт бохирдол илрээгүй нь алс Исландын ногоон тив хийгээд уугуул оршин суугчид нь орчин үеийн эм хэрэглэдэггүй Венесуэлийн буйдхан тосгон. Газар нутгийн хувьд Пакистан, Боливи, Эфиопын гол мөрнүүд бүхэлдээ эмэнд бохирдсон бол Норвеги, Амазоны ширэнгэн ойн голуудад химийн бодисын нөлөө харьцангуй бага гэсэн дүгнэлт гарчээ. Хүмүүс бие махбодийн төдийгүй сэтгэл зүйн эмгэгтээ эм бэлдмэл ихээр хэрэглэх болсон нь гол мөрний усанд агуулагдах химийн бохирдлын түвшинг улам ахиулсаар буйг энэ судалгаа нотлов.

Парацетамолоор цутгах горхи

Гол мөрний уснаас илэрч буй эмийн бодисын дийлэнх нь парацетамол. Энэ төрлийн өвчин намдаагч дэлхийн гол мөрний 20 хувьд нь нэгэнт тархжээ. Удаад нь таталт болон чихрийн шижингийн эсрэг бэлдмэл орсолн байна. Эдгээр бэлдмэлүүд ямар ч шүлтүүргүйгээр гол мөрний усанд цутгаж байгаа юм. Африкийн бяцхан горхинууд гэхэд л хумхаа өвчний эсрэг артемизининээр урсаж байна. Дэлхийн таван гол тутмын нэгд антибиотикын өндөр агууламж бүртгэгдэж буй нь хүн төрөлхтөн ундны усаар дамжуулж эмэнд дасалтай болох цаашлаад биологийн идэвхит нэгдлүүд нь зэрлэг ан амьтдад хор хөнөөл учруулах өндөр эрсдэлтэй.

Энэ судалгаа нийтлэгдэхийн өмнөхөн буюу өнгөрсөн нэгдүгээр сард “2019 онд дэлхий даяар таван сая хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараар нас барсан нь тодорхой болсон” тухай бас нэгэн судалгааны үр дүн шинжлэх ухааны сэтгүүлд гарсан юм. Амь бөхтэй нянгийн халдвар бүртгэгдсэн бүс нутгууд нь эмээр бохирдсон гол мөрдийн газрын зурагтай дүйх аж. Бангладешийн нэгэн голын усанд метронидазол (бидний нэрлэж заншсанаар трихопол) хэмээх антибиотик зөвшөөрөгдөх хэмжээнээс 300 дахин их байсан нь эмийн үйлдвэр бохир усаа шууд байгальд асгасны гор. Нян, мөөгөнцрийн гаралтай өвчнийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэдэг антибиотикийг хүний ходоод гэдэс бүрэн задалдаггүй тул үлдэгдэл хэсэг нь бохир ус, лагаар дамжин гадаргын ус, хөрсний гүнд нэвчсээр буй. Дээр дурдсанчлан амархан задардаггүй антибиотик үлдэгдэл он удаан оршиж замаг, усны ургамал, хүрээлэн буй орчны бактерийн өсөлтийг бууруулж жам ёсны зүй тогтолыг нь үгүй хийнэ. Тэгэхээр антибиотикийн хэт их хэрэглээ, түүнийг усан замаар гадагшлуулах нь нянтай хийх тэмцлийг үнэгүйдүүлж, яваандаа хүний популяцид нөлөөлөн дараагийн тахлын шалтгаан болж ч магадгүй юм.

Йоркийн их сургуулийн доктор Жон Вилкинсон

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБын салбар байгууллагууд эмэнд дасалтай нянгийн өвчлөлийг хүн төрөлхтөнд хамгийн том аюул занал тарьж мэдэх дараагийн тахал гэж үздэг. Гэтэл бидний судалгаагаар дэлхийн бүх гадаргын усны 19 хувьд нь антибиотикийн агууламж илэрсэн. Нянгийн эсрэг анагаах ухааны тэмцэл үүнээс шалтгаалж мухардах вий гэдгээс болгоомжилж байна.

Антидепрессант буюу сэтгэл гутралын эсрэг эмийн найрлага Канад-Америкийн хилийг дамнан оршдог цэвэр усны нөөц Их нууруудад түгээмэл. Баффало их сургуулийн эрдэмтдийн туршилтаар дээрх нууруудын загасны тархинд антидепрессант их хэмжээгээр агуулагддаг болохыг нэгэнт тогтоосон. Антидепрессантууд загасны байгалийн сэргэг зан байдалд нөлөөлж, махчин амьтдаас өөрийгөө хамгаалан төрөлх зөн чадварыг бууруулдаг аж. Гэтэл хорт хавдар, чихрийн шижин, таталтын эсрэг эмийн үлдэц эдгээрээс илүү хоруу чанартай, усны организмд хэзээ ч арилшгүй генотоксик нөлөө үзүүлнэ.

Бохирдлын шалтгаан

1980-аад оны эхэн хүртэл хүрээлэн буй орчинд эмийн бодис агуулагдаж байгааг төдийлөн анзаардаггүй, эрдэмтэд ч сонирхон судалдаггүй байв. Гэтэл далан жилийн өмнө сэтгэцийн эсрэг эм бэлдмэлүүд бий болж анхны антибиотик болох пенициллины хүчлийг 1913 онд гарган авсанаас хойш химийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эм тунгийн анагаах чадвар сайжирч, нэр төрлийн хувьд ч олширсон нь тодорхой. Энэ хэрээр орчны бохирдолд эмийн бодисын үзүүлэх сөрөг нөлөө одоо хүний хяналтаас нэгэнт гарчээ. Хүмүүс эм уусны дараа тодорхой хэсэг нь биенээс гадагшлахад хамгийн орчин үеийн цэвэршүүлэх байгууламж ч тэдгээр бодисыг уснаас бүрэн шүүж цэвэрлэж чадахгүй байгаа нь бохирдлын үндсэн шалтгаан. Үүн дээр бохироо шууд гадаа асгадаг, шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж муутай, эмийн үйлдвэр ихтэй бага ба дунд орлоготой улс орнууд ч чамгүй нэрмээс болно. Готенбургийн их сургуулийн профессор Йоаким Ларссоны өгүүлснээр хаягдал усанд агуулагдаж буй тун хүмүүсийн цусан дахь эмийн илэрцээс ч давж гарах магадлалтай. Й.Ларссон Хятад, Энэтхэг, Пакистан, Солонгос, Дани, Норвеги, Хорватын эмийн үйлдвэрүүдээс гарч буй антибиотикийн бохирдол эмэнд тэсвэртэй бичил биетний үржлийг тэтгэж буйг нотолсон юм.

Шведийн Гётеборгийн их сургуулийн профессор Йоаким Ларссон

Эмийн бодисын агууламж дэлхийн бүх гол мөрөнд байдаг. Бактерид улсын хил хязгаар хамааралгүй болохоор манай гарагийн нэг талд шинэ тэсвэртэй нян гарч ирэхэд хүн бүрийн хувьд эрсдэлтэй болно.

Дэлхий даяар олон мянган төрлийн химийн бэлдмэл хэрэглэж байгаа нь экосистемийг хэдийнэ гажуудуулж зэрлэг амьтдын тал хувь нь сүүлийн 40 жилд устаж үгүй болсон гэх баримтыг бараг арван жилийн өмнө дэлгэж байсан ч хүрээлэн буй орчныг эмийн бохирдлоос сэргийлэх чиглэлд дорвитой ахиц гарсангүй шинэ цар тахалтай золголоо. Гэтэл мансууруулах үйлчилгээтэй эмийн нөлөөгөөр цэнгэг усны амьдрах орчинд загас, хоёр нутагтан амьтдын 75 хувь нь устсан. Цаашлаад эр загас жирэмслэлтээс хамгаалах эмэнд агуулагддаг синтетик гормоны хамааралтай болсон, Энэтхэгт үхрийн өвчинд үрэвслийн эсрэг эм ашигладаг болсноор махчин тас шувууны тоо толгой эрс хорогдсон, дэлхийн ихэнх хотын цөөрмийн хаягдал усанд холимог хүйстэй мэлхий бүртгэгдсэн гээд эмийн бохирдлоос үүдэж зэрлэг ан амьтад хохирсон хэд хэдэн жишээг дурдаж болно. Гол мөрний эмийн бохирдлыг бууруулахын тулд улс орнууд эмийн зохистой хэрэглээг бий болгох, антибиотикийг зөвхөн жороор олгож, эм бэлдмэлийн тунд хатуу хяналт тавихыг эрдэмтэд уриалж буй. Түүнчлэн эмийн хаягдлыг усанд уусгах бус шатааж идэвхтэй молекулуудыг задлах боломжтойг ч санууллаа. Ингэсэн тохиолдолд эмийн хаягдлаас үүссэн үнсийг газарт булахгүйгээр хүнд металлын агууламжаас нь салгаж дахин боловсруулсан материал ч гаргаж авах боломжтой юм.